Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Идэвхтэн 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13.00 цагт ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевт Итгэмжлэх жуух бичгээ барив. Элчин сайдын ИЖБ барих ёслолын ажиллагаа ОХУ-ын Дипломат ёслолын журмын дагуу Кремлийн их ордны Александрийн танхимд боллоо. ОХУ-д тогтсон журмын дагуу энэ өдөр 13 улсын Элчин сайд ИЖБ-ээ барив.

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев Итгэмжлэх жуух бичгээ барьсан Элчин сайдуудад хандан товч үг хэлж, баяр хүргэлээ. Тэрээр хэлсэн үгэндээ, шинээр томилогдсон Элчин сайдууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хүчин зүтгэж, цаг үеийн тулгамдсан, хүндрэлтэй асуудлуудыг хамтын хүчээр даван туулахад үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев хэлсэн үгэндээ, энэ оны 8 дугаар сард Монголд хийсэн айлчлал сэтгэлд хоногшсон тухайгаа дурсаж, Орос, Монголын стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа цохон тэмдэглэв. |