Монгол Улсыг гадаадад сурталчилж, улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, урлаг, спорт болон нийгмийн бусад салбарт гадаад орнуудтай харилцах, гадаадад оршин суугаа Mонгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасан гадаадын болон дотоодын хувь хүн, байгууллагуудад олгох Гадаад харилцааны сайдын нэрэмжит “Алтан Гэрэгэ” шагнал гардуулах ёслолын ажиллагаа ГХЯ-нд болов.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар шагнал гардуулах ёслолын үеэр үг хэлэхдээ,
“Эрхэмсэг хатагтай, ноёд оо !
Та бүхэнд юуны өмнө ирж буй шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье!
Монгол Улсыг гадаадад сурталчлах, улстөр, эдийн засаг, соёл боловсрол, урлаг, спорт болон нийгмийн бусад салбарт гадаад орнуудтай харилцах, гадаадад суугаа Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжийг дэмжин урамшуулах зорилготой Гадаад харилцааны сайдын нэрэмжит "Алтан Гэрэгэ" шагналыг саяхан бий болгосон юм.
Их Эзэн Чингис хаан "Алтан Гэрэгэ" хэмээх эрхэмсэг агаад ёсорхог баталгаа тэмдгийг өөрийн элч төлөөлөгчиддөө Монгол төрийн алтан аргамжийг бататгах үйлсэд чин шударга хүчин зүтгэхийг даалган соёрхож байсан билээ.
Энэхүү нэр хүндтэй шагналыг анх удаа гардуулах ёслол өнөөдөр болж байна. Энэ ёслол шинэ оны босгон дээр, Монгол Улсын дипломат албаны баярын өдөр тохиож байгаа нь бүүр ч их бэлэгшээлтэй юм.
"Алтан Гэрэгэ" шагналд нэр дэвшүүлэн шалгаруулах, гардуулах ажлыг зохион байгуулах комисс ГХЯ-ны газрууд болон хилийн чанадад суугаа манай ДТГ-уудын саналыг шүүн тунгаасны эцэст уг шагналын ууган эздээр Йоркийн хунтайж Эндрью, Япон-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Янагасива Токужи, Нидерландын "Монгол сайхан" сан-г сонгон шалгаруулсныг зарлан толилуулахад таатай байна.
Эдгээр сайн үйлстнүүдээс өнөөдөр "Монгол сайхан" сан-д шагнал гардуулан өгөх боломж олдсонд баяртай байна. Тус сан нь 2001 онд байгуулагдсанаас хойш манай нийгмийн олон салбарт өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж иржээ. Тухайлбал Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт санхүүгийн дэмжлэг үзүүлэн гадаадад аялан тоглоход нь байнга тусалсан байна.
Мөн нийслэлийн 60-р дунд сургуулийн манлай сурагчид Нидерландад суралцах тэтгэлэг олгож, тус сургуулийн сурагчдыг гадаад хэлний "Сантис" төвийн сургалтанд хамруулжээ.
Мөн ДОХ-оос урьдчилан сэргийлэх ажилд хандив өгч тусалж иржээ.
Манай хүүхэд, залуу үеийг сурган хүмүүжүүлэх, урлаг соёлыг хөгжүүлэхэд үнэтэй дэмжлэг, туслалцаа үзүүлсэн Нидерландын "Монгол сайхан" санггийн хамт олонд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, Монгол Улсын Гадаад харилцааны сайдын нэрэмжит "Алтан Гэрэгэ" шагналыг гардуулъя.
Та бүхний ач буянтай үйлс улам дэлгэрэх болтугай !”
гэв.
Анхны “Алтан гэрэгэ” шагналыг хүрстэн хүмүүс, байгууллагын тодорхойлолт:
1. Йоркийн Гүн, хунтайж Эндрью
Тэрбээр хатан хааны удмын хүн бөгөөд түүний Монгол Улсад хийж байсан айлчлалууд нь хоёр орны хоорондын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа уул уурхайн салбарт хамтарч ажиллах, хөрөнгө оруулахад ач холбогдолтой байсны зэрэгцээ хоёр орны хоорондын улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, Британи болоод дэлхий дахинд Монгол Улсыг сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
2. Япон, Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Янагисава Токужи
Тэрбээр Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоохоос 10 орчим жилийн өмнө хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор 1965 онд Япон-Монголын найрамдлын нийгэмлэгийг санаачилан байгуулжээ. Өнөөдөр тус нийгэмлэг японд 170 салбар нэгжтэй, 3000 орчим албан ёсны гишүүнтэй томоохон байгууллага болон өргөжиж, Монгол орныг сурталчлан таниулахад чиглэсэн өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж байгаа болно.
3. Нидерландын “Монгол сайхан” сан
Тус сан нь 2001 онд байгуулагдсанаас хойш манай нийгмийн олон салбарт өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Тухайлбал, Улсын дуурь, бүжгийн академик театрт санхүүгийн дэмжлэг үзүүлж, тус театрын ажилтнуудыг шагнаж урамшуулан тэдний тоглолтыг гадаадад зохион байгуулахад дэмжлэг үзүүлдэг. Нийслэлийн 60 дугаар дунд сургуулийн манлай нэг сурагчид Нидерландад суралцах тэтгэлэг олгож, тус сургуулийн сурагчдыг “Сантис” гадаад хэлний төвийн хөтөлбөрт хамруулж, ДОХ-оос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хандив үзүүлэв. |